Украины Ерөнхий сайд Денис Шмыгалийн санал болгосон сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнийг тус улсын Дээд Рада /парламент/ олонхын саналаар баталжээ.
Украины Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Вадим Пристайког Европ болон Евроатлантын интеграцын асуудал эрхэлсэн шадар сайдаар томилсон байна.
Өмнө нь хоёр ч удаа Сангийн яамны дэд сайдаар томилогдож, 2009-2010 онд сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Игорь Уманский яамаа тэргүүлэхээр болсон байна. Тэрбээр 2016 оны 10 дугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн орон тооны бус зөвлөх хийж байсан юм.
Эрүүл мэндийн сайдад зүрхний мэс засалч Илья Емецыг томилсон бөгөөд тэрбээр өмнө нь тус яамыг 2010-2011 онд тэргүүлж байсан байна.
Киев хотын даргын зөвлөх асан, Донбассын асуудлаарх улс төрийн дэд бүлэгт Украины эрх баригчдыг төлөөлөгч Алексей Резников Украины түр эзлэгдсэн газар нутгийг эргэн нэгтгэх асуудал хариуцсан шадар сайд болсон байна. Нийгэм, орон нутгийн хөгжлийн сайдаар Киев мужийн төрийн захиргааны дарга Алексей Чернышов томилогджээ. Туялзуур сэлэмний Олимпын аварга, Украины Туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Вадим Гутцайт Залуучууд, спортын сайд болсон байна.
Дотоод хэргийн сайд Арсен Аваков, Хууль зүйн сайд Денис Малюська, Дэд бүтцийн сайд Владислав Криклий нар шинэ Засгийн газарт суудлаа хадгалж үлджээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Олег Немчиновыг томилсон бол Нийгмийн бодлогын сайдын албыг Марина Лазебная хашина. Тэрбээр 2019 оны наймдугаар сард Улсын нийгмийн бодлогын газрын даргаар томилогдож байсан боловч Алексей Гончарукийн Засгийн газар түүнийг хагас сарын дараа албан үүргээс нь чөлөөлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнөх Засгийн газрыг огцруулж, өмнө нь шадар сайдын албыг хашиж байсан Денис Шмыгалийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн байна. Украины өмнөх Ерөнхий сайд Алексей Гончарукийн огцрох өргөдлийг Дээд Радагийн 353 депутат дэмжжээ.
Montsame.mn