Энэ талаар Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын захиргааны ерөнхий газрын төлөөлөгч Вадым Скибицкий тус улсын "Обозреватель" хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Оросын нэг, хоёрдугаар армийн бие бүрэлдэхүүнээс бүрдэх энэхүү цэргийн хүч нь Украины Донецк, Луганск мужуудтай хил залгаа болон Крымийн нутаг дэвсгэр дэх Оросын мэдлийн хэсгүүдэд байршсан байна.
Тухайлбал, Вадым Скибицкийгийн мэдэгдсэнээр Оросын цэргийн хүч сүүлд Украинтай хил залгаа ОХУ-ын Белград мужийн Богучар, Ростов мужийн Каменск-Шахтинский, Крымийн Автономит Бүгд Найрамдах Улсын Новоозерне хотуудад 40000 цэргийн хүчийг гурван тусдаа хэсэгт хуваан нэмж байршуулжээ.
Вадым Скибицкийгийн мэдээлснээр ОХУ нь 2014 оноос хойш Украинтай газар нутгийн маргаантай Крымийн бүс нутаг дахь цэргийн хүчээ 2.5 дахин нэмэгдүүлсэн бөгөөд цаашид ч Оросын цэргийн хүч тус бүс нутагт нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.
Украины Батлан хамгаалах яамны зүгээс ОХУ-ын энэхүү үйлдлийг тус улс Хар тэнгисийн бүс нутгийг бүрэн хяналтдаа оруулахын тулд Крымийг түшиц газар болгон ашиглаж байна гэж үзжээ. Харин тус улсын Тагнуулын байгууллага ОХУ-ын зэвсэгт хүчин энэхүү түшиц газрыг Сири дэх цэрэг, дайны ажиллагаа явуулах үндсэн бааз болгон ашиглаж байна гэж дүгнэсэн байна.
Украины Тэнгисийн зэвсэгт хүчний командлагч, адмираль Игорь Воронченко өмнө нь Орос улс сүүлийн зургаан жилийн хугацаанд Крымийн Хар тэнгис дэх усан цэргийн флотоо бүхэлд нь зэвсэглэсэн. Бүс нутаг дахь байдал тогтворгүй байна гэж мэдэгдэж байв.
npost.mn