Коронавирусын халдвар дэлхийд төдийгүй улс орнуудын дотоод эдийн засагт сөрөг нөлөөгөө үзүүлж, ард иргэд ААН-н байгууллагад дарамт учруулаад байгаа. Гэсэн ч бүгд л энэ хэцүү, хатуу байдлыг яаж ийгээд сөхөрчихгүй шиг даваад гарчих гэж бодож, зүтгэж байгаа.
Монголчууд хүнд бэрх цагт өөрсдөөсөө илүү өмнөд, хойд хөршдөө, харь элгийн хүмүүст харамгүйгээр, чин сэтгэлээсээ тусалж байсан, тусалж ч байгаа, санаа сэтгэл ариун ард түмэн.
Гэхдээ одоо бид бие, биедээ туслах цаг нь ирж. Монгол Улсын нийт өрхийн 61 хувь нь ямар нэгэн зээлтэй гэх албан бус мэдээлэл байдаг.
Тэгвэл өнгөрөгч оны эхний улирлын байдлаар 1.2 сая зээлийн данс байсан гэх мэдээлэл бий. Энэ нь нийт хүн амын 3/1 нь гэсэн үг.
Тэдгээр 1.2 сая зээлийн дансыг төрлөөр авч үзэхэд:
Хэрэглээний зээл 349.000
Цалингийн зээл 348.000
Тэтгэврийнх 239.000
Мөн тэтгэврийн, цалингийн, ипотекийн зээлгүй нь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнээс үзэхэд ажил хөдөлмөр болон тодорхой хэмжээгээр бизнес эрхлэгч орлоготой, тэтгэвэртэй хүмүүс бүгдээрээ зээлтэй гэсэн үг юм.
Иргэдийн зээлийн хэрэглээ санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн учраас Төвбанкнаас арга хэмжээ авахад хүргэж байсан. Үүнийг арилжааны банкуудын зээлийн үлдэглээс харж болно.
Тухайлбал, 2010 оны эцэст 3.3 их наяд төгрөг, 2015 оны сүүлчээр 11.7 их наяд, 2018 оны эцэст 17.2 их наяд төгрөг болсон байдаг бөгөөд зээлийн үлдэгдлийн энэ өсөлт нь иргэдийн зээл авалт хэрхэн нэмэгдсэний илрэл юм.
Энэ бол яг жилийн өмнөх тоо баримт. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын нийт өрхийн 61 хувь нь ямар нэгэн зээлтэй гэх мэдээлэл нь биднийг хэрхэн амьдарч буйг, амьдрал цаашид хэрхэхийг ч хэлж байх шиг...
Монгол Улс хатуу ширүүн уурс амьсгалтай ч харьцангуй тайван орон. Бид тэртээх хувьсгалын он жилүүд, дайн тулаанаас хойш өнөөдрийг хүртэл зовж шаналж, туйлдаж ядарч үзээгүй яваа. Тиймээс аймшигт энэ тахлаас хамаг Монголоороо урьдчилан сэргийлж, эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа хүнд цаг үед зээлтэй иргэдийнхээ зээлийг байдал тайван болж, коронавирусыг эмчилж устгатал царцаацгаая. Төр засгийн зүгээс ч шийдтэй арга хэмжээ авч ирэх долоо хоногоос мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгжээр буулгах болсон. Захууд түрээсээ 50-100 хувиар бууруулж зээл, түрээс царцаах давалгааг эхлүүллээ. Иймд банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүн та энэ давалгаанд нэгдэж нийгмийн хариуцлагаа ухамсарлана уу.
Бид чадна аа. Яагаад гэвэл өнөөдөр бид коронавирусын халдварт өртөөгүй, тэнгэр шигээ цэнхэр өнгөөр газрын зурагт тэмдэглэгдсэн байгаа. Тэгвэл яг түүн шигээ Зээлийг түр хугацаанд царцааж нийгмийн хариуцлагаа ухамсарласан анхдагч улс болцгооё.
Зовлон бэрхшээлийг сөрж, хүнд хэцүү үед нэгдэж чаддаг нь Монголчууд бидний яс, цусанд байдаг. Тийм дээ ч өнөөдөр "Бид өөр ард түмэн” гэдгээ харуулж чадаж байна.
Давалгаанд нэгдэцгээе.
Эх сурвалж: Erennews.mn