БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг огцруулахыг шаардсан өргөдөлд тус улсын 1.4 сая гаруй иргэн гарын үсэг зурсан тухай телевизийн KBS суваг мэдээлжээ.
Гарын үсэг цуглуулах хугацаа гуравдугаар сарын 5-нд дууссан бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын вэб хуудсанд байршуулснаас хойш уг баримт бичигт 1 сая 469 мянган хүн гарын үсэг зурсан байна. Коронавирусний халдварын тархалтын эсрэг улс орны хэмжээнд үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна гэж хариуцлага алдсаных нь төлөө огцруулахыг дэмжиж байгаа иргэд Ерөнхийлөгчөө шүүмжилжээ.
Үүний зэрэгцээ Мүн Жэ Инийг дэмжсэн өөр нэгэн өргөдөлд гуравдугаар сарын 6-ны байдлаар 1.25 сая хүн гарын үсэг зурсан байна. Энэхүү өргөдөлд гарын үсэг цуглуулах хугацаа энэ сарын 27-нд дуусах аж. Уг өргөдлийг дэмжиж буй иргэд Ерөнхийлөгч болон Засгийн газар вирусний тархалттай тэмцэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг тэмдэглэсэн байна.
Баасан гаргийн байдлаар БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 6200 давсан байна.
Montsame.mn