Монгол Улсын болон дэлхий дахин дахь эмэгтэйчүүд эрхэм чанартай, эрх чөлөөтэй, ялгаварлан гадуурхалтгүйгээр амьдрах эрхтэй. Жендэрийн тэгш байдал нь хүний эдэлбэл зохих эрх төдийгүй тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Монгол Улс дахь НҮБ-аас дэвшүүлсэн мэндчилгээнд онцолжээ.
Мэндчилгээнд, Монгол Улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын зүгээс Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг ахиц дэвшилтэйгээр биелүүлэхээр хичээж зүтгэж байгааг гүнээ сайшааж байна. Бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хууль зүйн орчныг сайжруулж, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг арилгах, ажлын байрны бэлгийн дарамтыг эцэслэх хууль баталж мөрдөж байгаа нь сүүлийн жилүүдэд гарсан цөөнгүй дэвшил хэмээн цохон тэмдэглэж байна.
Монгол Улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газраас Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг ахиц дэвшилтэйгээр биелүүлэхээр хичээж зүтгэж байгааг гүнээ сайшааж байна.
Төрийн зүгээс ижил үнэлэмж бүхий хөдөлмөрт адил цалин хөлс олгох, ажил, мэргэжлээр үл ялгаварлах, ажлын байранд бүх төрлийн дарамт, хүчирхийллийг хориглох зэрэг олон улсын хөдөлмөрийн талаарх жишигтэй нийцүүлж, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиа шинэчлэн найруулж байгааг сайшааж байна. Мөн Монгол Улс нь эхийн эндэгдлийг 2/3 хувиар бууруулах зорилтод хүрсэн 9-хөн улсын нэг гэдгийг цохон тэмдэглэжээ.
Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн "Би бол эмэгтэйчүүдийн эрхийг бодитоор биелүүлэх тэгш байдлын төлөөх үеийнхэн” гэсэн сэдвийн дор аливаа жендэр, нас, угсаа, арьс үндэс, улсын хүн бүрийг нэгтгэх зорилгоор бид бүхний хүсэж буй жендэрийн эрх тэгш ертөнцийг бий болгох үйл ажиллагаанд уриалжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш "Эмэгтэйчүүдийн тэгш оролцоогоор л дамжуулан бид бүх хүн төрөлхтний оюуны нөөц, туршлага, санаанаас үр шим хүртэнэ. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоо нь тогтвортой байдалд амин чухал төдийгүй зөрчилдөөнөөс сэргийлж, тогтвортой, бүгдийг тэгш хамруулсан хөгжлийг хөхиүлэн дэмждэг. Жендэрийн тэгш байдал бол илүү сайн ертөнцийг бий болгох урьдач нөхцөл” хэмээн батлан хэлсэн.
Монгол Улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2019 онд боловсруулсан Хүчирхийлэл, дарамтын тухай 190-р конвенцыг баталж байгаатай уялдан, Засгийн газар хүн бүрийн хүчирхийлэл, дарамтгүй хөдөлмөрлөх нөхцөлөөр хангуулах эрхийг баталгаажуулахын тулд тус гэрээг соёрхон батлах, хөдөлмөрийн тухай харилцааг зохицуулсан хуулиа шинэчлэх батлахыг уриалж байна.
Бид жендэрийн тэгш байдлыг улам сайжруулах, эмэгтэйчүүдийн оролцох, өөрийн амьдралаа ямарваа нэгэн айдас, гачигдалгүйгээр залах, өөрийн хүсэж байгаа боломж, бололцоогоор бүрэн хангасан, зүй ёст, шударга, аюулгүй нийгмийг цогцлоох чадварыг дэмжих болно гэжээ.
Montsame.mn