УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Шинэ коронавируст халдвар дэлхийн улс орнуудад тархсанаар, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа 250 мянган иргэн ажлын байргүй болох эрсдэл үүссэн талаар тэрбээр мэдээлэлдээ онцоллоо. Үүнээс гадна онцгой нөхцөл байдлын үед Монгол Улсын нийгэм, эдийн засагт хамааралтай асуудлыг УИХ-аар дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрбээр, "Өнөөдөр Тавантолгой компанийн 30 хувийг худалдах гэж байгаа асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх шаардлагатай байна. Учир нь УИХ дээр 3-5 тэрбум ам.долларын IPO гаргах замаар дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж танилцуулсан. Гэтэл УУХҮ-ийн сайдын хэлж буйгаар, нэг тэрбум ам.доллараар тус компанийн 30 хувийг нь зарах тухай асуудал гарч ирлээ. Үүнийг Тавантолгойн ордын үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус шийдвэр гэж харж байна. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дээрх асуудлыг Засгийн газар бус УИХ-аар шийдүүлэх эрх зүйн үндсийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн” хэмээв.
Montsame.mn