"Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Өлгий-Увс чиглэлийн онгоцоор энэ сарын 5-ны өдөр Баян-Өлгий аймагт ирсэн 32 иргэнийг гэр гэрт нь тусгаарлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос дөнгөж сая гаргалаа.
Учир нь коронавирусний халдвар илэрсэн Франц Улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж зорчиж ирсэн Английн иргэн 67 настай Э энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар-Өлгий-Увс чиглэлийн онгоцоор Баян-Өлгий аймагт иржээ. Мөн тухайн өдөртөө Увс аймагт очсон байна. Англи иргэний байрлаж байгаа газрыг мэргэжлийн байгууллагууд тогтоож, өнөөдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаатын уул гэх газарт тусгаарлажээ.
Харин түүнтэй хамт Баян-Өлгий аймагт онгоцоор зорчиж ирсэн манай улсын 32 иргэнийг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал ажиглах ажээ.
Montsame.mn