ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй Болгар, Франц, Чех, Унгар, ХБНГУ-ын Элчин сайд, дэд тэргүүн нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх хамгийн суурь бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (ЦЗҮДГ)-ний 50 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд гэрээ өдгөө ч ач холбогдлоо алдаагүй, хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг дурдлаа. Энэ оны 4-5 дугаар сард Нью-Йорк хотноо дээрх гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх бага хурал болох бөгөөд энэ үеэр Европын Холбооны баримтлах байр суурь, тэргүүлэх чиглэлүүд, зохион байгуулах ажлыг мөн танилцуулав.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах асуудал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байдаг тул манай улс ЦЗҮДГ-ний хэрэгжилтэд хувь нэмэр оруулахаар олон улс, бүс нутгийн түвшний олон санал, санаачилга гаргаж ажилласныг онцлов. Тухайлбал, 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан, 2013 оноос Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын хүрээнд олон улсын бага хурал зохион байгуулж байгаа зэргийг тэмдэглэв. Түүнчлэн Нью-Йорк хотноо болох ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлаар Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг асуудлаарх меморандумыг батлуулахаар ажиллаж байгааг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Холбооны Элчин сайд нарт Монгол Улсад "COVID-19" зөөвөрлөгдөн орж ирсэн талаар товч мэдээлэл өгч, дэлхий нийтэд нүүрлээд байгаа цар тахлаас хамгаалахад хамтран ажиллах арга замын талаар санал солилцлоо.