Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг шийдлээ. энэ талаар зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тодруулга өгсөн юм.
Тэрбээр, "Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 50 хувь нь оршин сууж байна. Нийслэлийн түгжрэлийг шийдэх дараах ажлуудыг эхлүүлэхээр боллоо. "Тэнгэрийн зам” төслийн хүрээнд 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй гүүрэн байгууламжийг барихаар боллоо.
6-12 метрийн өндөрт хоёр урсгалтай, хоёр түвшний замын байгууламжийг барьснаар түгжрэл 46.5 хувь буурч, агаарын бохирдол 20 хувь буурах тооцоолол гарсан. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс 1 ам.доллар хураах бөгөөд зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүг нөхнө.
Замыг барихын тулд орон нутгийн төсвөөс мөнгө гаргахгүй бөгөөд концессын гэрээгээр 25 жилийн хугацаатай төсөл хэрэгжинэ. Мөн дүүжин замын тээврийн хэрэгсэл барих шийдвэрийг гаргасан.
Уг зам нь Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Хан-Уул - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм гэсэн маршрутаар явна." гэлээ.
Erennews.mn