Коронавирусээр үүсгэгдсэн өвчний тархалттай тэмцэх зорилгоор БНХАУ Иран улсад хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Энэ тухай Ойрхи Дорнод дахь Дэлхийн хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Синьхуэй мэдэгдсэн байна.
"Коронавирусний тархалтаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулахад нь бид Ираны ард түмэнд туслахын тулд манай сан "Холын зай жинхэнэ нөхдийг салгаж чадахгүй” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэхүү кампанит ажлыг ард иргэд жижиг, дунд бизнес эрхлэгчид нааштайгаар үнэлсэн. Халдвар дэгдсэний улмаас бид өөрсдөө олон хүндрэл бэрхшээлийг туулж байгаа хэдий ч Ираны ард түмэнд илгээхэд зориулж 1.6 сая юанийн үнийн дүн бүхий шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг цуглуулж чадлаа” хэмээн тэрбээр ярьсан байна.
Хятад улсаас Ираны ард түмэнд мянга орчим хамгаалтын иж бүрдэл, амны хаалтууд, халдваргүйжүүлэгч хэрэгслүүд болон шаардлагатай бусад зүйлсийг илгээжээ.
"Хятадын олон иргэн Ираны оршин суугчдад анхаарал тавьж, боломжийн хэрээр туслахад бэлэн байна” хэмээн Чэнь Синьхуэй цохон тэмдэглэжээ.
Montsame.mn