Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баярыг АТГ Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, "Айвенхоу Майнз Лимитед”, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаад удаж буй билээ.
Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, түүнд прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Гэвч С.Баяр яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж буй аж.
Иймээс түүнийг албадан саатуулж, улмаар яллах дүгнэлтийн дагуу шүүх хурлыг нь товлон зарлахаас өөр аргагүйд хүрч буй тухай эх сурвалж өгүүлж байна.
С.Баяр ч энэ тухай:
"Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв.Авахгүй гэдгээ мэдэгдэв.Учир нь би байтугай, тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж.Урьд өдөр нь ачина гэж айлгав.Ачигдахыг хэн хүсэх билээ...Гэхдээ мань мэт арай өөр.Жарнаа үзсэн хүн айх юм бага" хэмээн өгүүлжээ.
Э.Мягмар
Sonin.mn