Нийслэлийн эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын төлөөллүүд өнөөдөр/2020.03.12/ цаг үеийн асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 10.00 цагт онлайнаар мэдээлэл хийлээ.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн хугацаанд угаарын хийнд 12 хорооны 12 өрхийн 35 хүн хордсон байна. Үүнээс 20 насанд хүрэгчид, 15 нь хүүхэд байсан. Мэдрэгч тавьсан айл мэдрэгчээ салгаж тавьснаас угаартаж эмнэлгийн байгууллагад хандаж байна. Дахин хэлэхэд утаа мэдрэгчээ битгий салгаач ээ. Хавар, намрын салхитай өдрүүдэд угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай болно.
Мөн түүхий нүүрс нийслэл хотын товчоогоор нэвтрүүлэхгүй байх үзлэг шалгалтыг хийж байгаа ч энэ төрлийн зөрчил гарсаар байна. Гүнтээр 50 кг, Гачууртаар 2.4 тонн түүхийн нүүрс оруулж ирэхийг завдсан бөгөөд жолоочид нь холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Манай байгууллагаас худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэрийн дагуу өчигдөр /2020.03.11/ 4759 байгууллагад мэдэгдэл хүргүүлж ажиллалаа” гэсэн юм.
НОБГ-ын мэргэжилтэн Э.Эрдэнэбаатар "Нийтийн тээвэр болон авто тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг хийж буй. Тиймээс орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар буюу ар гэрийн гачигдал, асаргаа сувилгаа шаардлагатай хүнийг асрах, албан үүрэг, жижүүрийн үүрэг гүйцэтгэх, тусгай ажил үйлчилгээ гүйцэтгэх тохиолдолд нэвтрэх зөвшөөрлийг олгож байна. Одоогийн байдлаар нийслэлийн Онцгой комисс дээр нэвтрэх зөвшөөрлийг иргэн болон аж ахуй нэгж дээр олгож байна. Хувийн ажлаар орж ирсэн иргэд нийслэлийн Онцгой комисст өргөдөл өгч хандаж байна. Иргэдийн гаргасан хүсэлтийг дээрх зайлшгүй шаардлагатй иргэдийг хянаж шалгаж, нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг анхааруулъя” гэв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "Ер нь онцгой дэглэм тогтоосон энэ үед зөрчил гаргаж, олон нийтийг төөрөгдүүлсэн иргэдийг 150 мянган төгрөг, аж ахуй нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгоно. Та бүхэн хотод орж ирсэн бол Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг хүсье. Мөн сүүлийн үед угаарын хийд хордсон дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатайг анхааруулж хэлмээр байна” гэдгийг яриандаа онцлон хэлсэн юм.
А.СҮРЭН
News.mn