УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд 60 тэрбумын гэх хэргээр сонсгол явуулах тухай УИХ-ын зарим гишүүдээс ирүүлсэн хүсэлтэд хариу тайлбар өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
"Нийтийн сонсгол явуулах тухай бичгийг авсан. Маш төвөгтэй байдөл үүсээд байна. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчөөс хаагдсан хэргийн талаар нийтийн сонсгол явуулаач гэсэн бичиг ирсэн. Үүнийг нь Улсын ерөнхий прокурорт явуулсан. Ерөнхий прокуророос тухайлсан хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариуг өгсөн. Энэ дагуу Ерөнхийлөгчид нийтийн сонсгол явуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл өчигдөр 19 гишүүнээс дахиад нээлттэй сонсгол хийх санал өгсөн. Ерөнхийлөгчид энэ хэргээр нээлттэй сонсгол хийх боломжгүй гэж хэлчихээд 19 гишүүнд болно гэж хэлж болохгүй байна. Өнөөдөр мөрдөж буй хуулиар тухайн байгууллагын үйл ажиллагаа, дарга цэргийг үнэлэх гэх мэт 2-3 хан асуудлаар нээлттэй, хяналтын сонсгол явуулах боломжтой. Санал ирүүлсэн гишүүд хууль, журмаа судлаж үзэх хэрэгтэй. Зүйл, үндэслэл нь нийцэхгүй байна. Ерөнхий прокурорын тайлан жил бүр ирүүлж байгаа. Жил бүрийн намрын чуулганаар ирүүлдэг уламжлалтай юм байна лээ. Би өнгөрсөн долоо хоногт тайлангаа ирүүлээрэй гэдэг бичиг явуулсан. 60 тэрбум, Төмөр замын хэрэг, Эрдэнэттэй холбоотой, Стандарт банкны хэрэг гэх мэт прокурор дээр очоод хаагдсан бүх хэргээр сонсгол явуулмаар байна. У.Хүрэлсүх шадар сайд байх үеийн тагнасан чагнасан гэх хэргийн талаар нээлттэй сонсгол хийж өгөх хүсэлт бас ирсэн. Шалгагдаж байгаа хэргээр нээлттэй сонсгол хийх боломжгүй гэдэг хариуг өсгөн. Мэдээж нээлттэй ил тод байх ёстой. Тэглээ гээд бүгдийг шүүхээр таслаад байх хуулийн орчин байхгүй" гэлээ.
Эх сурвалж:SOSA.mn