Испанид коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо пүрэв гаргийн оройны байдлаар 84-д хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Лхагва гарагт уг тоон үзүүлэлт 48 байсан юм. Мөн халдвар авсан хүний тоо 2968 болсон нь өмнөх өдрийнхөөс 800 гаруйгаар өсжээ.
Мадридын бүс нутагт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, 1000 гаруй хүн халдвар авч, 31 хүн нас барсан байна. Мадрид хотод музей, кинотеатруудыг хааж, спортын тэмцээнүүдийг цуцалжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өдөр тутам цэвэрлэгээ хийж байгаа ажээ.
Мөн Мадридын олон сургуулийн сургалтыг хэдийн зогсоосон бол өнөөдрөөс эхлэн Баск, Каталон дахь сургуулиудын үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаагаар түр зогсоохоор болжээ. Испанийн Засгийн газрын мэдээлснээр, нэгэн эмэгтэй сайдаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Педро Санчез тэргүүтэй танхимын бүх гишүүн болон Фелипе хаан, Летизиа хатнаас шинжилгээ авчээ.
Montsame.mn