Шинэ он гарснаас хойш онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн 12 дуудлага иржээ. Улмаар алба хаагчид 23 иргэний аюулгүй байдлыг хангасан байна.
Харин цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Гэсэн хэдий ч зарим голд мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрчээ.
Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.