Гэр хорооллын 14 баг болон нийтийн эзэмшлийн найман газарт эко ариун цэврийн байгууламж байгуулах төсөл өнгөрсөн онд эхэлсэн. Нийт 280 айлд эко ариун цэврийн байгууламж барихаас өнөөдрийн байдлаар 86 байна. Үлдсэнийг нь энэ зундаа бүрэн дуусгах ажээ.
Баян-Өндөр сумын ЗДТГ 2018 онд 33 байршилд хөрсний бохирдлын судалгаа хийхэд сургууль, цэцэрлэг зэрэг хүн ам ихээр төвлөрдөг газарт хөрс, орчны бохирдол нь "маш их” гэсэн үзүүлэлт гарчээ. Иймээс гэр хорооллын баг бүрээс 20 өрхийг сонгон хөрс, орчиндоо бохирдол үүсгэхгүй инженерийн шийдэлтэй эко ариун цэврийн байгууламжийг барьж цаашид өрх бүр уг шийдлээр жорлонгоо өөрчлөх санаачилгыг эхлүүлж байгаа ажээ.
Өнгөрсөн онд нийт 280 ариун цэврийн байгууламжийг байгуулахад орон нутгийн төсвөөс 277 сая, НҮБ-аас 95 сая, БОАЖЯ-аас 250 сая төгрөг төсөвлөсөн байна. Нэг байгууламжид нэг сая 977 мянган төгрөг зарцуулж байна. Энэ онд уг ажилд нэмж 400 сая төгрөг төсөвлөөд байна. Ариун цэврийн байгууламжийг "Мөнх тэнгэрийн ташуур” ХХК гүйцэтгэж байна.