Энэ сарын 15-наас нөөцийн махыг худалдаж эхэллээ. Орхон аймгийн 100 гаруй мянган иргэн, 28 мянган өрх айлын 60-70 хувь нь өөрсдийн бэлтгэсэн идэшний махаа, 30-40 хувь нь нөөцийн мах хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Үүнийг үндэслэж аймгийн ХХААГ мах бэлтгэдэг аж ахуйн нэгжид хамтран ажиллах санал тавьсаны дагуу "Эрдмийт” ХХК нөөцийн мах бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл тус компани гэр хороололд дөрвөн цэг, хотын төвд хоёр цэгт нөөцийн мах худалдаалж эхэллээ. Нийт 300 гаруй тонн мах бэлтгэсэн байна.
Хэрэв хүн амынхаа 30-40 хувьд нь хүрэлцэхүйц мах бэлтгэнэ гэвэл ойролцоогоор 5000 тонн мах шаардлагатай юм. Нөөцийн мах нь худалдаанд байгаа махаас 1500-2000 төгрөгөөр хямд юм. Тодруулбал, үхрийн ястай мах 8400, хонь- 7500, ямаа-6500 төгрөгөөр Говил, Баянцагаан, Хүлэг, 2 дугаар хороолол, Хорооллын эцэс, Дэнж, Эрдэнэ багт худалдаалж эхэллээ. Нөөцийн махны урамшуулалд 150 сая төгрөг олгожээ.