Өнөөдрөөс эхлэн нийт 279 цэгээр нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг худалдаалж эхэлнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан мэдээллээ.
Тэрбээр, "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улирлын хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэл өгсөн. Одоогийн байдлаар 12 мянган тонн мах нөөцөлсөн байгаа нь дөрвөн сарын хугацаанд хүрэлцэнэ. Өдөр тутам 100 тонн махыг нийслэл болон суурин газрын хэрэглэгчдийн махны хэрэгцээнд борлуулна. Өнгөрсөн жилийн өдийд 70-80 тонн махыг борлуулж байсан бөгөөд хэрэглэгчдийн зүгээс хомсдолтой байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн.
Мөн 60 гаруй аж ахуйн нэгж экспортод гаргахаар 12 мянган тонн мах бэлдсэн бөгөөд энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрлэлд бэлдээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжийг Монголын зах зээлд борлуулах хүсэлтийг тавьсан. Нийслэл болон суурин газрын махны хангамж дээр тасалдал үүсэхгүй байх боломжтой. Жигд, тасралтгүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулна” гэсэн юм.
Эх сурвалж: Erennews.mn