Улаанбаатар /МОНЦАМЭ/."Олон улсын нийгмийн ажилтны өдөр” Европын орнуудаас эхэлсэн түүхтэй бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 17-19-ны өдрүүдэд улс орнууд тэмдэглэж иржээ.
Нийгмийн ажилтны өдөр”-ийг Монгол Улс 1997 оноос буюу 22 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ үеэс эхлэн Монголд нийгмийн ажилтныг тусгайлан бэлтгэж гаргаж байгаа билээ.
Монгол Улсын хэмжээнд нийгмийн ажилтан мэргэжлийг 15 их, дээд сургууль бэлтгэдэг. Эдгээрээс гурван сургууль бакалаврын түвшинд мэргэжилтэнг сургаж байна. Шинжлэх ухаан, технологийн их сургууль ойрын жилүүдэд БНСУ-ын их, дээд сургуулиудтай хамтран оюутан солилцох, нийгмийн ажилтны ахисан түвшний сургалтад хамруулахаар зорьж байгаа аж.
"Нийгмийн ажилтны өдөр”-үүд тохиож байгаатай холбогдуулан Монголын нийгмийн ажилтны холбооноос уг мэргэжлийн ажилтнуудын эрх зүйн орчныг бий болгох, олон нийтэд өргөн сурталчилж, мэдээлэл хүргэх, тус салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мэргэшүүлэх талаар тодорхой ажлыг хэрэгжүүлж байгаа юм.