Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын Онцгой комисст ирсээр байна.
Өнөөдөр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын Онцгой комисст хандив өргөсөн гурван байгууллагын төлөөллийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар хүлээн авч уулзлаа. Тухайлбал Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яам, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн Монголын эрдэс баялагийн салбарынхан 100 сая төгрөг хандивлалаа.
Мөн 200 гаруй Банк бус санхүүгийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн "Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо” 100 сая төгрөг хандивласан бол 2017 оноос хойш төмөр замын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Талын Хишиг Майнинг” ХХК 80 сая төгрөгийн хандивыг Монгол Улсын Шадар сайдад хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Шадар сайд уулзалтын үеэр "Хандив нэг талаас материаллаг зүйл боловч, түүнээс илүү сэтгэлийн дэмжлэг чухал. Төр засаг, УОК-оос хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн хамтын хүч, дэмжлэгээр өнөөдрийг хүртэл коронавируст халдварын эрсдэл Монгол Улсад бага байна. Гэвч коронавируст халдварын онош тогтоогдсон 5 тохиолдол байна. Тиймээс энэ цаг үе биднээс урьд урьдынхаас илүү дэг журамтай, ухамсар хариуцлагатай, эв нэгдэлтэй байхыг шаардаж байна. Бид энэ хүнд хэцүү цаг үеийг даваад гарна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэж хандив өргөсөн байгууллагуудад ажлын өндөр амжилт хүсэн талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.