Нийт нутгаар хаваржилт хүндэрч байгаа. Үүнтэй холбоотойгоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газар зарим гурилын үйлдвэрүүдтэй уулзалт зохион байгуулж нэг тн хивгийг дунджаар 470 мянган төгрөгөөр худалдаалж байсныг 10 хүртэл хувиар хивгийг хямдруулж борлуулахаар тохиролцсон байна. Энэ хүрээнд Булган аймаг 87 тн хивэг, Архангай аймаг 50 тн, Өвөрхангай аймаг 500 тн хивэг худалдан авахаар хэлэлцжээ. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сум 50 тн хивгийг Дархан -Уул аймаг дахь "Улаанбаатар гурил” ХХК-ийн салбараас худалдан авах үнийн зохицуулалт хийжээ. Засгийн газраас улсын нөөцийн 3713 тн өвсийг үнэгүй, 3025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, отор ихтэй долоон аймагт тус бүр 50 сая нийт 350 сая төгрөг, эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжиж 17 автомашин олгосон байна.
Дашрамд дурдахад, шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт Улаанбаатар хот, Төв аймагт одоо явагдаж байна. Нийт 459.5 мянган толгой малд вакцин хийхээс өнөөдрийн байдлаар 97.5 мянган толгой малд хийж 16.7 хувьтай байна.