"Токио-2020” зуны олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нд эхлэх товыг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос өнөөдрийн байдлаар албан ёсоор өөрчлөөгүй байна.
Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, Канадын хуульч, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тэргүүн асан Дик Паунд "Ю-Эс түдэй” сонинд "Токио-2020” олимпын наадам хойшлогдох болсон” хэмээн мэдээлсэн нь нийгэмд ташаа мэдээ түгэхэд нөлөөллөө. Ялангуяа манай сэтгүүлчид олон сонин, сайтаар энэ талаар жилийн дараа болно гэх мэтээр ташаа мэдээлэл түгээж олон түмнийг төөрөгдүүлж байгааг онцлох ёстой.
Дэлхийн улс орнуудад "COVID-19” халдвар эрчимтэй тархан, даамжирч байгаагаас үүдэн ирэх долдугаар сард болох "Олимпын наадам” хойшлогдож болзошгүй боловч одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. ОУОХ-ноос гарах албан ёсны шийдвэр үүнийг шийднэ. Хэн нэгэн хүний хэлсэн үг огт хүчингүй.
"Токио-2020” олимпын наадмын гэрээг 2013 онд Зохион байгуулагч тал, ОУОХ-той байгуулсан. ОУОХ-ноос олимп зохион байгуулах улсад дайн болон иргэний үймээн самуун гарах зэрэг таван заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг ОУОХ дангаараа цуцлах эрхтэй. Харин зохион байгуулагч орны хувьд олимп болох товыг 2020 ондоо багтааж өөрчлөх эрхтэй.