Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэр гаргасан байдаг. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр тохиож байгаа юм.
"Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдсэн юм. Тус өдрийн хүрээнд хувийн болон төрийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэртэй холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах теле хичээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэхээр болжээ.