Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж, Монгол Улсад Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж ажиллаж байгаа.
Хүн ардынхаа эрүүл мэндийг аюулт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой хүн хүч, тоног төхөөрөмж, хэрэгслийн хэрэгцээ, зардлыг хангах үйлсэд бүх нийтээр нэгдэх энэхүү онцгой цаг үед Богд банкны хамт олон Улсын Онцгой Комисст хорин сая төгрөгийн хандив өргөж байна.
Сайн санааны хандивыг "Итгэл түгээнэ” уриатай Богд банкны хамт олныг төлөөлөн банкны гүйцэтгэх захирал Г.Саруул Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул энэ үеэр "Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд энэ хүнд үед цаг наргүй ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдад банкныхаа хамт олны өмнөөс талархсанаа илэрхийлье. Бид Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэний хувьд энэхүү гамшигт аюулаас хамгаалах үйл хэрэгт хандив өргөхийн зэрэгцээ цаашид ч мөн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн байна. Мөн иргэд, хэрэглэгчдийнхээ сайн санааны хандив өргөх боломжийг дэмжих үүднээс Богд интернэт банк, Богд мобайл аппликэйшнд хандивын цэс нэвтрүүллээ” хэмээн онцоллоо.
Богд банк