Дундговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хоёрдугаар сарын 14-нөөс тус аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос дээрх мэдээлэл хийлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай тул Монголын цагаан сарын баярын өмнө зохион байгуулдаг улсын аварга болон аймгийн аварга малчдын шагнал, төрийн одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг хойшлуулаад байна.
Дээрх захирамжаар Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, хэрэгжүүлэх, сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, албадын ажлыг идэвхижүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний зар суртачилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхгүй байх, баар ресторан, үйлчилгээний газрын ажиллах цагийг богиносгох, сургалт, семинар, хүндэтгэлийн болон ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, шашин номын хуралд иргэдийг олноор оролцуулахгүй байхыг үүрэг болгожээ.
Мөн аж ахуйн нэгж байгууллагыг тусгай горимд шилжүүлэн ажиллах, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдлыг үүсгэхгүй байх, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн тооцоо судалгааг шинэчлэн гаргах, шаардлагатай тохиолдолд дайчлахад бэлтгэх, төрийн болон хувийн хэвшлийн бэлтгэл, бэлэн байдал, тогтвортой ажиллагааг хангаж хариуцлагатай эргүүл, жижүүрийг 24 цагаар тогтмол ажиллуулах, орон нутгийн суурин газруудад орох, гарах хяналтын постыг ажиллуулах, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах байр бэлтгэх, өрхийн эмнэлгийн төвүүдийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, шаардлагатай гамшгийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав.
Мэдээлэл хийх үеэр ОБГ-ын дарга, хурандаа М.Адьяабаатар эцэг эхчүүд, иргэдэд хандаж "Эцэг эхчүүд бага насны болон өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй.
Аймгийн төвөөр хүүхдүүд ганц нэгээр болон найз нөхөдтэйгээ тоглож байна, сэлгүүцэж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн хэдхэн байгууллагын үүрэг юм шиг хандаж болохгүй, хайртай хүмүүсийнхээ төлөө амны хаалт зүүх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, бие биедээ шаардлага тавих, гамшгаас болон энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нь бүх хүний үүрэг. Тиймээс энэ ажлыг олон нийтийн оролцоотой хэрэгжүүлэх нь үр дүнтэй" гэв.
Montsame.mn