Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, шинэ коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилчдыг маргаашнаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гаргасан хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.
УОК-ын энэ сарын 10-ны шийдвэр болон Ерөнхийлөгчийн өнөөдрийн гаргасан зарлигт тусгасан цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх заалтыг тогтоолд оруулсныг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийнхээ эхэнд онцлов. Тэрбээр, "Шинэ коронавируст халдварын оргил үе цагаан сарын үеэр таарч болзошгүй гэж дэлхийн эрдэмтэд тандаж байна. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуурын Халиут хот буюу Монгол Улсын хилээс 120 км-ийн цаана шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн. Мөн Шинжааны Бархөл хотод буюу хилээс 19 км-ийн цаана халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэнийг зарлаж байна” хэмээв.
Нөхцөл байдалтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд гуравдугаар сарын 2-ныг хүртэл тогтоосон хорио цээрийн дэглэмийг цаашид сунгаж болзошгүй гэдгийг тэмдэглэлээ. Төрийн болон төрийн захиргааны байгууллагын ажилчдын ажлыг хэсэгчилсэн байдлаар тусгай горимд шилжүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, цагаан сарын баярын үеэр шаардлагатай төрийн байгууллагын албан хаагчид ажиллах нөхцөл бүрдүүлжээ. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд нийтээр амрах зохицуулалттай. Тиймээс сар шинийн баярын үеэр нийтээр амраахгүй байх эсэх асуудлыг хуралдааны үеэр хөндөж ярилцаагүй гэдгийг Шадар сайд мэдээллийнхээ үеэр дурдлаа. Гэхдээ цаашид нөхцөл байдлыг ажиглаж энэ талаар дахин хэлэлцэж шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй хэмээн тодотгов.