Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн бөхийн барилдаан, нутгийн зөвлөл, албан байгууллага, хамт олны золголт зэргийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байсан. Харин өчигдөр Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Цагаан сарыг албан ёсоор цуцлах санал гаргасныг хүлээн авсан.
Гэхдээ дээрх санал болон Улсын онцгой комиссын шийдвэрийг хуулийн дагуу ҮАБЗ-өөр шийдвэрлэх эсвэл Ерөнхийлөгчид хүсэлтээ хүргүүлсний дараа албан ёсны болно гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн.
Мэдээж сар шинийн баярыг огт тэмдэглэхгүй өнгөрөөх бус нийтийг хамарсан хөл хөдөлгөөнийг хязгаарлах зорилготойг ч хуралдааны үеэр дурдсан. Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжих нь гарцаагүй хэмээн олон нийт харж, хүлээж байна. Учир нь БНХАУ-д тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын халдварыг тогтоон барьж дийлээгүй нь тухайн улсын хувьд Цагаан сарын баяр тохиосонтой холбоотой гэж үзэж байгаа аж.
Мэдээж улстөрийн намуудын хувьд хэн нэгнийхээ гаргасан тушаал, шийдвэрийг хүлээн зөвшөөрч дэмжинэ гэдэг тун хэцүү. Улстөржүүлэн тэрхүү асуудлынхаа үр дүнгээр оноо цуглуулах болсон нь ч нууц биш. Түүнчлэн сар шинийг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх саналыг дэмжвэл зарим ахмадад таагүй санагдаж ч магадгүй. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар улстөржилгүй нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан хэн нэгнээс оноо авч, амбицаа өсгөх бус ард иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, чадамж зэргийг харгалзан үзэх болов уу.
Монголчууд ч сар шинэ ойртож бэлтгэлээ базаасан ч хэдий өдөр ирэх бүр ойртож, аюулын харанга дэлдэж буй вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ганц удаа төрийн шийдвэрээ хүндэтгэн үзэх нь гарцаагүй.