-Онцгой комисс онцгой эрхээ эдлэж, сар шинийг цуцлаасай-
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэний хувиар "Цагаан сарыг албан ёсоор цуцлах санал” гаргасныг нь дэмжихвэл дээрх халдвараас урьдчилан сэргийлэх бас нэгэн боломж. Мэдээж амны хаалт зүүх, гарын болоод хувийн ариун цэврээ сахихыг эрүүл мэндийн байгууллагуудаас байнга анхааруулж байгаа. Гэвч эдгээрээс гадна бүх нийтээр урьдчилан сэргийлэхгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсчихвэл хэрхэх болж байна вэ.
БНХАУ-ын өмнөд мужаас эхлэн тархаад байгаа коронавирусын улмаас Эрээн хот руу гаднаас ирэх хүмүүсийг буцаах эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулах зэрэг арга хэмжээ авчээ. Үндсэндээ нэгдүгээр зэргийн онц байдал зарлачихлаа. Тэгвэл бид яах вэ. Манай улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумтай хиллэдэг Эрээн хотоос шинэ төрлийн коронавирус хаалга тогшоод, шалган нэвтрүүлэхээр зөвшөөрөл авч ирэхгүй нь лавтай.
Одоохондоо эрүүл мэндийн салбарынханы хувьд нөхцөл байдал, боломж бололцоо бүрээ ашиглан урьдчилан сэргийлэх, тандалт, шинжилгээ зэргийг хийж байгаа. Гэвч нэгэнт агаар дуслаар халвдарлагдаж буй коронавирусын халдвар ороод ирвэл бид хэрхэх билээ. Нууц үе нь 10-14 хоног гэж байгаа. Тиймээс Д.Сарангэрэл сайдын санаачилгыг олон нийт хүлээн зөвшөөрөөд, хэрэгжүүлвэл халдварын эрсдэлийг бууруулахаас гадна удмын ах дүүс, өвгөд хөгшдөө ч хамгаалах боломж бүрдэх биш гэж үү.
Мэдээж монголчуудын маань хувьд ахмад настан, азай буурлуудаа хүндэтгэн золгодог сар шинийн баярыг цуцлах шийдвэрийг гаргана гэдэг хүн бүрт хүндхэн даваа. Тиймээс төр засагтаа итгэж, төрийн сүлдэнд залбирдаг буурлуудад учирлан, хэлэхээс гадна Онцгой комисс "онцгой” эрхээ эдлээд энэ удаа Д.Сарангэрэл сайдын санаачилгыг дэмжиж, шийдвэр болгон албажуулвал ард нь амаа барин суухгүй л болов уу. Хүнд үеийг даван туулж, дэлхий нийт тайвширч, бид халдвараас урьдчилан сэргийлж чадвал Д.Сарангэрэл сайд цээжээ дэлдэхгүй нь лавтай.