Монгол Улсын нийт нутгийн 20 хувь нь цастай байна. Улмаар Завхан, Архангай, Хөвсгөл, Увс аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле мэдээлэв. Тэрээр "Улсын онцгой комиссын шуурхай бүлэг хаваржилт хүндрэх төлөвтэй газруудад гурван удаа ажилласан. Үнэлэлт, дүгнэлт хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ. Засгийн газрын тогтоолоор 18 аймагт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгосон. 5771 тонн өвс үнэгүй 4759 тонн тэжээлийг 50 хувийг хөнгөлөлттэй олгосон. Хаваржилт хүндэрсэн аймгуудад тус бүр 50 сая төгрөгийн тусламж олгосон. Олон улсын байгууллагаас тодорхой тусламж, дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгийнхэн Архангай, Хөвсгөл аймгийн сумдад ажиллалаа. Зарим сум нь шар усны үертэй, зарим газарт цасны зузаан 43 см-ээс дээш байна. Тухайн хаваржилт хүндэрч буй сумдад юу шаардлагатай байгааг Онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байна. Удахгүй цас хайлж, өвс гарна гэж хүмүүс ойлгож байгаа. Гэвч зуншлага тааруу байсан учраас өвс байхгүй. Архангай аймгийн долоо, Хөвсгөл аймгийн дөрвөн суманд өвс тэжээлийн дэмжлэг хэрэгтэй” гэлээ.
Өвөлжилт хаваржилтын эрсдэлээс сэргийлж малчдад Засгийн газраас 5.7 тэрбум, олон улсын байгууллагуудаас 933.3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.