Энэ долоо хоногоос нээгдэж эхэлсэн Хятадын кино театрууд үзэгчдийг татахын тулд "Marvel” кино студийн бүтээл, супер баатруудын тухай цуврал кино болох "Өшөө авагчид” болон найруулагч Жэймс Кэмероны "Аватар” киног үзүүлэхээр болжээ.
"Өшөө авагчид” цуврал киноны дөрвөн анги болон бусад "action" кинонууд Хятадын кино театруудын дэлгэцнээ удахгүй гарна гэж ТНR сэтгүүлийн эх сурвалж мэдээлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр, дистрибьютер компаниуд дахин худалдаж авмагц бүх киног үзүүлэх аж.
Коронавирусний халдвар дэгдсэний улмаас хохирол амссан Хятадын кино урлагийн салбарыг сэргээхийн тулд ийм арга хэмжээ авч байгаа ажээ. Тус улсын кино театруудыг эзэмшигчид олон нийтийн арга хэмжээнд оролцохоос одоог хүртэл айж байгаа үйлчлүүлэгчдээ дахин татах, харин дараа нь хамгийн их хүлээгдэж буй кинонуудыг дахин түрээслэхийн тулд үзэгчид хангалттай бий гэж дистрибьюторүүдэд итгүүлэх гэсэн хоёр том бэрхшээлтэй тулгарчээ.
Коронавирусний дэгдэлтийг хязгаарлаж чадсан анхны улс бол Хятад юм. Халдварын тархалт тус улсад өдрөөс өдөрт хумигдаж байгаатай холбоотойгоор эрх баригчид автобусаар зорчихыг зөвшөөрснөөс гадна зоогийн газрууд, худалдааны төвүүд болон бусад байгууллагууд бага багаар нээгдсээр байна.Японд өнөө өглөөний байдлаар коронавирусний халдварын зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 1313 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Уг тоон үзүүлэлтэд Хятадын Хубэй мужаас нүүлгэн шилжүүлсэн 14 иргэн багтсан байна. Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Токиод 212, Хоккайдод 167, Айчид 154, Осакад 149, Хиогод 119, Канагавад 87 тохиолдол бүртгэгджээ.
Мөн "Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр 712 хүн коронавирусний халдвар авсан бөгөөд тэдгээрийг нийлүүлснээр Японд нийт 2025 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын улмаас 55 хүн нас барсны 10 нь хөлөг онгоцны зорчигчид юм.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар нийт 907 хүн эдгэрч, эмнэлгээс гарсны 310 нь Японд халдвар авсан хүмүүс бол 597 нь "Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид ажээ.