НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Фэйсбүүк корпораци "Portal”, "Portal+” гэсэн хоёр ухаалаг-яригч гаргаснаа даваа гарагт танилцуулжээ. Тус компаниас мэдээлснээр, эдгээр төхөөрөмж нь "Messenger” программын тусламжтайгаар видео холбоо тогтоох зориулалттай бөгөөд хувийн мэдээллүүдийг хадгалах хэд хэдэн үйлдэлтэй аж.
"Portal” ухаалаг-яригчийн дэлгэцийн диагональ нь 10 дюйм буюу 25,4 см бол "Portal+”-ийнх -15,6 дюйм буюу 39,6 см байна. Уг төхөөрөмжүүдэд суурилуулсан программ хангамжийн тусламжтайгаар видео дуудлагаар ярилцаж байх үед өрөөнд хэдэн хүн байгааг тодорхойлох боломжтой аж. "Portal”, "Portal+”-ийн чанга яригчууд нь мөн ярьж буй хүнийхээ дуу хоолойн сонсогдох байдлыг нэмэгдүүлдэг байна. Мөн долоон төхөөрөмжөөр нэгэн зэрэг дуудлага хийж хоорондоо ярилцах боломжтой.
Ухаалаг-яригчуудыг дуу хоолойгоор удирдаж болохоос гадна цаг агаарын мэдээ үзэж, бараа бүтээгдэхүүн захиалан, гэрийн автомат системүүдийг удирдаж болно.
Одоогийн байдлаар АНУ-д интернэт дэлгүүрүүдэд төхөөрөмжүүдийг урьдчилан захиалж эхэлсэн бөгөөд худалдан авагчдад ирэх сараас хүргэх аж. "Portal” яригчийн үнэ 199 ам.доллар бол "Portal+” нь 349 ам.долларын үнэтэй байна. Нэг төхөөрөмжийг худалдан авахад хоёр дахийнх нь үнийг 100 ам.доллараар бууруулах хөнгөлөлт үзүүлэх аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг