Биткойны ханш ихээхэн тогтворгүй гэдгийг үнийн өөрчлөлт харуулж байна. Ханш нь зогсолтгүй өсөх таамаглалтай байсан ч өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 16-нд түүхэн дээд хэмжээндээ буюу 19343 ам.долларт хүрсэн. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд буурсаар энэ сарын 15-ны байдлаар 13585 ам.долларт хүрчээ.
Өөрөөр хэлбэл, нэг сарын хугацаанд 29.7 хувийн уналт гэдэг нь хөрөнгө оруулагчийн хувьд хүсэх зүйл огт биш. Үүний гол шалтгаан нь зохицуулалтгүй байгаа криптовалютыг хэрхэх талаар улс орнууд ярьж эхэлсэнтэй холбоотой хэмээн судлаачид тайлбарлажээ. Цаашилбал, биткойныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш гэдгийг томоохон хөрөнгө оруулагчид онцолж эхэлсэн нь хүмүүсийн шийдвэрт нөлөөлсөн байна. Жишээлбэл, алдарт "Беркшир Хэтэвэй” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын нэг Варрен Баффет "Биткойн эсвэл аль нэг криптовалютад хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй” гэдгээ мэдэгдсэн. Учир нь энэ нь спекуляц шинжтэй аж. Тодруулбал, өнөөдөр авсан биткойныг маргааш өснө гэсэн найдлагаар худалдаж авах нь мөнгөн тэмдэгт цуглуулахтай ижил гэж үздэг байна. Он цагийн эрхэнд өөрсдийн цуглуулгын олдоц буурсны дараа үнэ нь өснө гэж найдаж буйтай адилтгаж бас зүйрлэв. Гэтэл мөнгөн тэмдэгт цуглуулах нь сонгодог хөрөнгө оруулалтаас өөр билээ. Нөгөөтэйгүүр, биткойныг худалдаж авахаас илүү олборлох нь зохистой байж болох талаар яриа гарсан юм. Яагаад гэвэл, түүнийг олборлоход хөрөнгө оруулалтын эрсдэл харьцангуй бага. Олборлолтод зөвхөн үйл ажиллагааны буюу цахилгааны, компьютер технологи худалдаж авах зардал багтдаг. Иймд эрчим хүчний зардал биткойны ханшаас бага байвал та ашиг олох боломжтой гэсэн үг.
Сүүлийн үед биткойныг олборлох өндөр хүчин чадалтай процессорууд БНХАУ-аас Монгол Улсад их хэмжээгээр импортлогдож байгаа. Тэдгээрийг ажиллуулахын тулд буюу блокчейнд оролцоход их хэмжээний цахилгааны зардал гардаг байна. Блокчейн бол маш нарийн математик тооцоолол бүхий технологи. Тиймээс Монгол Улсад тэр их эрчим хүчийг бий болгох нөөц бололцоо байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй.
Түүнээс гадна анхаарвал зохих зүйл нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх явдал юм. Блокчейн нь дундын зохицуулагчгүйгээр гүйлгээ хийх боломжийг олгодог учраас гүйлгээний шимтгэлийг бууруулах боловч заримдаа хоёр талын этгээд харилцан биеэ таних боломжгүй. Энэ сул талыг ашиглаж Исламын улсад террорист бүлэглэлүүд биткойн хэлбэрээр хандив авдаг болсныг олон улсын шинжээчид хэлж байна. Тэгэхээр биткойны үнийн уналтад нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл бол харилцагчийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх ажиллагаа юм. Харилцагчдыг таньснаар компьютерийн автоматжуулалтыг таних учиртай. Өөрөөр хэлбэл, зах зээлд хийсвэрээр нөлөөлж буй этгээдийг таньж, хязгаарлах боломж бүрдэх аж. Үүнийг манипуляци гэдэг ба хөрөнгийн бирж дээр хамгийн их хянаж, хориглодог зүйл билээ. Хэрэв та эсвэл таны брокер, диллер хувьцааны үнэд ямар нэгэн байдлаар хийсвэрээр нөлөөлөх оролдлого хийвэл Санхүүгийн зохицуулах хорооноос илрүүлж, торгох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно. Тиймээс манипуляцийг бууруулах зохицуулалтыг криптовалютад хийж эхэлсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Н.БАТЖИН