Нефть импортлогчид А-95, 98 төрлийн шатахуунаа литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрлөө.
Засгийн газар шатахууны импортод ногдуулах Онцгой албан татварынхаа үнийн дүнг буулгахгүй бол цаашид A-95, 98 төрлийн бензинийг литр тутмыг нь 1950-1980 төгрөгөөр худалдаална гэдгээ ч хэлэв. Шатахуун импортлогч хэдхэн компани үгсэн хуйвалдаж, зохиомол хомсдол бий болгож, эгэл олныг бухимдуулаад зогсохгүй, өөрсдийн эрх ашгаа улс оронд тулган хүлээлгэдэг ийм жишиг тогтлоо. Үүндээ ч үнэхээр гаршиж байна. Төрөөс үнийг нь тогтоон барьснаас болж, удаа дараа алдагдалтай ажилласаар ирсэн гэж шатахуун импортлогч нар мэдэгдэж байгаа. Үнэндээ ийм хэмжээгээр нэмэхээс аргагүй алдагдалтай ажиллаж байсан юм бол яагаад оны өмнө зарим ШТС 1600 төгрөгөөс бага үнээр бензин зарж байсан хэрэг вэ. Алдагдалтай дээрээ ашиггүй ажиллахыг хэн ч хүсэхгүй. Ер нь бүх ШТС-ууд нэгэн ижил үнээр шатахуун зарна гэдэг өөрөө асуудалтай. Зах зээлийн жамаар юм бол үнийн дүн нь өөр хоорондоо ялгаатай, тэр хэрээрээ өрсөлдөөн бий болгож баймаар. Харин нэг адил үнийн дүнтэй ШТС-уудаар үйлчлүүлэхээр нэг удирдлаган дор байдаг нэрээ сольж бичсэн газар юм шиг санагдаад байдаг юм. Нөгөө талаар арай хямдхан үнээр шатахуунаа түгээж, үйлчлүүлэгчдээ татах гэсэн жижиг компаниудын зах зээлч оролдлогыг "акулууд” нь нам эсэргүүцэж, ”Ийм үнээр зар, эс тэгвэл арчина шүү” гэдэг дарамт байхыг үгүйсгэхгүй. Харин түүнийг нь зохицуулдаг төр алга. Тиймдээ ч тэд эвсэн нийлж, шатахууны боомилолт хийж эхлээд байна.
Үүний эсрэг ерөндөг Монголын төрд байна уу. Өнөөдөр төрд олонх болсон МАН-ын далд санхүүжүүлэгчид нь шатахуун оруулж ирдэг компаниудын дийлэнх нь байдаг гэдгийг хэн хүнгүй л хэлдэг, мэддэг. Тиймдээ ч тэд ингэж оодордог байж мэднэ. Энэ удаагийн увайгүй үйлдлийн дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар А-95, 98 төрлийн нано шатахууныхаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ. Ингэснээр тэдэнд хэрэг үүсгэж, шалгана. Мөн "Шунхлай”, "Сод монгол”, "Магнай трейд”, "Петровис”, "Тэс петролиум” гээд нэр бүхий хэд хэдэн компанид тав хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулснаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн мэдэгдсэн. Нөгөө эх сурвалж болох "Ник” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат "Импортлогчид бид шатахууны литр тутамд 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Алдагдлаа бууруулах арга нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнээ нэмэх эсвэл Засгийн газар 30-100 хүртэлх мянган төгрөгөөр нэмсэн онцгой албан татварын хэмжээгээ буулгах шаардлагатай” гэжээ. Харин хомсдоод байгаа АИ-92 шатахууны тухайд "Шатахууны худалдан авалт эрс ихэссэнээс болж агуулахаасаа шуурхай татаж чадахгүйд хүрээд байна. Түүнээс бус нөөцгүй болсон зүйл огт байхгүй” гэсэн байна. Бензиний эргэн тойрон дахь асуудал нэг иймэрхүү. Тэд ОХУ-ын "Роснефть” компаниас нэг тонн шатахууныг 631-668 ам.доллараар худалдан авдаг аж. Гэтэл Оросын нефтийн хамгийн том компани болох "Роснефть” Монголын зах зээлийг сонирхсон хэвээр байна. Одоогоос 10 жилийн өмнө анх Монголд ШТС байгуулах санал тавьж байсан бол, 2011 онд ч дахин тийм санал ирүүлж байсан юм. Энэ удаад "Роснефть”-ийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэсэн байна. Хөрш маань бидэнд ингэж хандаж байхад манай дотоодын нефть импортлогч "Петровис”, "Сод Монгол” тэргүүтэй компаниуд 256 тэрбум төгрөг өгчихвөл шатахууны үнийг 50 төгрөгөөр л нэмье гэж Засгийн газрыг шантаажилжээ. Ийм л байна. Тэгэхээр монгол төрд ийм шантаажлагчдаас хамгаалах ерөндөг хэрэгтэй байх шиг.