УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, Алтанбулаг боомтоор нэг ч хүн улсын хилээр нэвтрүүлэхгүй, бүрэн хаах шийдвэр гаргажээ.
Засгийн газрын энэ сарын 22-ны хуралдаанаар, Цагааннуур боомтыг 23-ны 22.00 цагт бүрэн хаасан. Харин Алтанбулаг боомтыг энэ долоо хоногийн бямба гарагт хаахаар шийдвэрлээд байсан. Гэвч ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотод шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Алтанбулаг боомтыг яаралтай хаах нь зүйтэй гэж үзжээ. Харин дамжин өнгөрөх болон Монгол Улсад хүнс импортлох ачаа тээвэр цагдаагийн хамгаалалттай хэвийн явах юм.
Алтанбулаг боомтоор ОХУ-д суралцаж байгаа манай улсын оюутнууд орж ирдэг. Тиймээс цаашид нэгдсэн журмаар тэдгээр оюутныг эх оронд нь татахаар төлөвлөсөн тухай Засгийн газрын энэ сарын 22-ны хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдэж байсан юм.
Ташрамд дурдахад, өнөөдрийн 15.00 цагийн байдлаар ОХУ-д шинэ коронавирусээр 840 хүн өвчилж, 3 хүн амиа алдаж, 38 хүн эдгэрчээ. Манай улстай хиллэдэг ОХУ-ын Эрхүү хотод 2, Улаан-Үд хотод 1 хүн шинэ коронавирусээр өвчилсөн байна.