УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа. Австрали, Канад, БНСУ, Гүрж, Сингапур болон бусад өндөр хөгжилтэй улсуудын төрийн аудиттай холбогдсон хууль тогтоомж, олон улсын стандарт, туршлагыг судалж Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөлд төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, эрх зүйн орчин, олон улсын нийтлэг стандартыг баримтлах, ил тод нээлттэй байх, үр дүнтэй, ашигтай аудит хийх, шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зохицуулалтуудыг тусгажээ. Мөн төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгахын зэрэгцээ шалгагдагч байгууллагын үүрэг, хүлээх хариуцлагын нарийвчлан тодорхойлсон байна.
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн санхүү, төвсийн хяналтыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжихийн зэрэгцээ шалгагдагч этгээд болон төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
УИХ 2003 оны нэгдүгээр сарын 3-нд Төрийн аудтын тухай хуулийг анх баталснаас хойш 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагджээ.