Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас "COVID-19" дотоодын компани, ААН-үүдийн ажлын байранд хэрхэн нөлөөлсөн судалгааны дүнг өнөөдөр бүрнээр танилцууллаа.
Судалгаанд хамрагдсан 1504 компани, ААН-ийн 65 хувь нь ажлын цаг, ажиллах хэлбэрээ ямар нэг байдлаар өөрчилснөө "COVID-19"-ийн нөлөөтэй буюу өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай шууд холбож байна. Компаниудын 46 хувь нь богиносгосон цагт шилжүүлсэн, 35 хувь нь зайнаас ажиллуулсан, 16 хувь нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна. Үүссэн нөхцөлд байдалд ААН-үүдийн 56 хувь нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33 хувь нь ажиллагсадаа түр болон бүр чөлөөлсөн байна.
Ажиллагсадыг чөлөөлсөн байдлыг салбараар үзвэл зочид буудал, нийтийн хоолны 52 хувь, аялал жуулчлалын салбарын 44 хувь байна. Харин мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 12 хувь нь ажиллагсадаа чөлөөлсөн бол эрчим хүчний салбарын хувьд ажлын байрны тоо өөрчлөгдөөгүй байна.
Удаалаад 41 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний тоо буурсан гэж хариулсан бол ААН-үүдийн 63 хувь нь энэ хямралын хүнд нөхцөлд цалин хөлсөө өөрчлөөгүй, 36 хувь нь бууруулсан бол дөнгөж 1 хувь нь нэмэгдүүлсэн гэсэн байна.
Ерөнхийдөө судалгаанд оролцсон нийт ААН-ийн 67.4 хувьд нь "COVID-19"-ийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ маш их нөлөөлсөн гэсэн бол 22.8 хувьд нь дунд зэрэг нөлөөлжээ. Салбараар авч үзвэл, аялал жуулчлалын салбарын 90 хувь, зочид буудал, нийтийн хоолны салбарын 83 хувьд маш их нөлөөлсөн бол энэ үзүүлэлт ХАА-н салбарт 40 хувь, мэдээллийн технологийн салбарт 33 хувь байна.
Ажлын байраа хадгалан авч үлдэхэд тулгарч байгаа зүйлд 65 хувь нь орлого буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа зогссон, 30 хувь зардлаа бууруулах шаардлагатай болсон гэжээ. Худалдаа, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт орлого буурсан нь ажлын байрыг хадгалахад хүндрэл үүсгээд байгаа бол боловсрол, аялал жуулчлал, зочид буудал нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа зогссон нь доголдсоноос илүү хүндрэл болж байна. Одоогийн байдлаар судалгаанд оролцсон ААН-ийн 33 хувь нь ойролцоогоор 6000 ажлын байрыг түр болон бүр хугацаагаар цөөлсөн дүнтэй байна.
Ирэх II улиралд өмнө нь үүссэн нөхцөл байдал үргэлжилсэн тохиолдолд судалгаанд оролцсон ААН-үүдийн 30 хувь нь нийт 8000 орчим тооны ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй гэсэн бол зөвхөн 12 хувь ажлын байраа хэвээр хадгална гэсэн байна. Харин 68 хувь нь одоо хэлэхэд эрт байна, мэдэхгүй гэж хариулжээ. Салбараар авч үзвэл, хөнгөн үйлдвэрлэл, зочид буудал нийтийн хоол, үйлчилгээ, аялал жуулчлал салбарт ажлын байрыг илүү цомхотгохоор байдалтай байна.
Судалгааг МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газрын дэргэдэх Эдийн засгийн судалгааны институтээс явуулжээ.
Montsame.mn