ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлуудын зөвлөлийн хурал өнөөдөр онлайнаар боллоо. Хурлыг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл удирдаж ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн захирлууд өндөржүүлсэн бэлэн байдалд зайнаас ажиллаж байгаа нөхцөл байдлаа танилцууллаа.
Захирлуудын өгсөн мэдээллээр хүрээлэн тус бүр өөрийн онцлогт тохируулан тус тусын хариуцсан салбарын ажил цахим хэлбэрт шилжин хэвийн явагдаж байна. Хөл хорионы үеийн горим дүрмээр ажиллаж байгаа ч лабораторид зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүсийг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулж байна. Эрдэм шинжилгээний ажилтнуудын хувьд хээрийн судалгааны ажил болон гадаад хамтын ажиллагааны ажлууд хойшлогдож байгаа нь нийтлэг хүндрэл болж буйг хэлэв.
Хурлаар, судалгааны ажил тасралтгүй явах үүднээс лабораторид хийдэг ажлын тоо чанарыг бууруулахгүйн тулд энд тогтмол ажиллаж байгаа судлаачдын ажлыг зохицуулах, цалин шагналаар урамшуулах, БСШУСЯ-аас санхүүжүүлдэг мэдээллийн том сангууд /"Springer”, "Nature”/, мэдээллийн баазуудын ашиглалтыг өргөжүүлэх талаар чиглэл өглөө. Хөл хориотой холбогдуулан ШУА-ийн 2020 оны эхний "Их чуулган” болон олон улсын томоохон хурал чуулганыг III болон IV улиралд хийхээр хойшлуулав.