"COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод эрсдлийн үнэлгээ хийхэд "өндөр эрсдэлтэй" гарчээ.
Тиймээс өвчлөл гарсан үед хэрхэн ажиллах төлөвлөгөөг нийслэлээс гарган ажиллаж байгааг өнөөдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдааны үеэр НОБГ-ын дэд дарга, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын зам, томоохон зах, худалдааны төвийн орчим, үерийн ус зайлуулах далан сувгийг тогтмол халдваргүйжүүлж байна. Энэ ажлыг гүйцэтгэх гэрээт 37 ААН өнгөрсөн хугацаанд 18 мянга гаруй цэгийг ариутгажээ. Түүнчлэн үйлчилгээний 32.704 газрыг хянаж шалган, хорио цээрийн дэглэм зөрчсөн зарим газрын зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авчээ. Танилцуулгын дараа НИТХ-ын дарга Р.Дагва "Улаанбаатар хотын эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан учир иргэн бүр өндөр хариуцлагатай байх ёстой болж байна. Гараа тогтмол угааж, ариутгах, амны хаалт зүүх, олны хөлийн газраар зорчихгүй байх нь чухал. НИТХ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, холбогдох шийдвэр гаргахад бэлэн байна” гэв.
НИТХ-ын тэргүүлэгчид "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Тогтоолоор нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын дарга нарт "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих”-ыг үүрэг болгов.
Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдсан юм.