ХХААХҮЯ хаврын тариалалтын цаг ирж буйтай холбогдуулан тариаланчдаа дэмжиж 150 тэрбум төгрөгийн гурваас таван /3-5/ хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор болжээ. Эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөлд газар тариалангийн салбарт хамтран ажиллах санамж бичигт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар өчигдөр гарын үсэг зурлаа.
ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан "Одоогоор импортын хамааралтай бүтээгдэхүүн бол цагаан будаа, гурвалжин будаа болон бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос байна. Энэ жил сэлгээний тариалалтад тос таримлын зохистой харьцааг бий болгож, рапсын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж цаашдаа экспортлох боломж байна гэж бодож байна. Мөн Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны төлөвлөгөө, бодлого гарсан,зөвлөл байгуулагдсан, энэ хүрээнд ажлаа уялдуулан, эрчимжүүлэн явуулъя.Төрийн зохицуулалт зөв бодлого гаргах, шаардлагатай дэмжлэгийг онож өгөх, хэрэгжилтийн явцад хяналт тавьж эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэж мэдэгдсэн юм.
"Сovid-19” цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж үлдэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг салбарын яам чухалчилж байна. Энэ хүрээнд тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, үр, шатахуун, бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм.
Т.Алтанзагас