Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2011 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөр дээр нь хамт авах шийдвэрийн дагуу УБЦТС ТӨХК-тай 2 жил тутам гэрээ хийдэг.
Гэрээний дагуу УБЦТС ТӨХК нь гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг цуглуулсны шимтгэлд цугларсан төлбөрийн 23 хувийг авдаг. НИТХ-аас шимтгэлийг бууруулах боломжийг судалж танилцуулах үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нарийвчлан судлах хамтарсан ажлын баг байгуулж асуудлыг цогцоор нь богино хугацаанд шийдвэрлэхээр УБЦТС ТӨХК-ийн удирдлагууд, Нийслэлийн татварын газар, төслийн зөвлөхүүд, дүүргүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Ажлын баг хэлэлцээд УБЦТС ТӨХК нь зөвхөн гэр хорооллын айл өрхийн бус орон сууцны айлуудын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг давхар хурааснаар хувийг бууруулж асуудлыг цогцоор нь шийдэх боломж байгаа тухай шийдлийг судалж байна. Зарим дүүргүүдээс өөр боломжит шийдлүүдийг санал болгож байгаа бөгөөд УБЦТС ТӨХК-иас ирүүлэх хувийг бууруулах хувилбаруудын хамт дараа 7 хоногийн лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын найманд хэлэлцэж Ажлын багийн дүгнэлтийг гаргах юм.
Т.Алтанзагас
Эх сурвалж: МОНЦАМЭ