Нийслэлд ангилсан хог хаягдал тээвэрлэх машин явж эхэллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр эхний ээлжинд Чингэлтэй дүүрэгт 2 автомашин нийлүүлж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон НИТХ дахь "Хотын шийдэл" багаас Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Япон улсын "Митсубиши" компанийн Canter" загварын эдгээр машин нь ангилсан хог тээвэрлэх зориулалтын, тус бүр 1.5 тонн хог хаягдлыг зөөвөрлөдөг, цахилгаан хөдөлгүүртэй юм. Улаанбаатар хотын захирагчийн албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын дарга С.Аригун, "Эхний ээлжинд эдгээр машин Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, сургууль, албан байгууллага, ААН-ийн ангилсан хог хаягдлыг тээвэрлэнэ. Цаашид нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн ангилсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэх хуваарь, журмыг гаргаад байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг хогоо ялган ангилах дадалд сургах нь чухал юм” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, "Нийслэлд 300 гаруй автомашинаар хог хаягдлыг тээвэрлэж байна. Гэхдээ ангилсан бус, бүхэл хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэг болон булах газар руу тээвэрлэдэг. Тиймээс хог хаягдлыг ангилан тээвэрлэх ийм зориулалтын автомашинууд хэрэгтэй байгаа. Нийслэлд жилд дунджаар нэг сая тонн хог хаягдал гарч байна. Үүний 30 хувийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа. Цаашид 50 хувийг боовсруулах боломжтой” гэв.
Б.Содгэрэл
Montsame.mn