Дэлхийн хуванцар сав, баглаа боодлын бараг тал хувийг дангаараа хэрэглэдэг тус тив АНУ, Европоос ч хаягдал импортолдог
Хуванцар материал, химийн бодисын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн нэг Dow Chemical Co-гийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Жон Пенрист дахивар ашиглах 100 тэрбум учир шалтгаан бий. Далайд жил бүр найман сая орчим тонн хуванцар хаядаг. Энэ бол ажил хэрэгч хүмүүст чухал хэрэгтэй 100 тэрбум ам.долларын түүхий эд. Хуванцар хаягдлыг эргүүлэн ашиглах гол төв нь Ази тив. BloombergNEF-ийн судалгаанаас үзвэл дэлхийн хуванцар сав, баглаа боодлын бараг тал хувийг дангаараа хэрэглэдэг тус тив АНУ, Европоос ч хаягдал импортолдог. Хуванцар савыг полиэстер болгодог Энэтхэгийн автомат машин, далай дахь нефтийн бохирдлыг хуванцрын тусламжтай цэвэрлэх арга боловсруулж буй Сингапурын компани зэрэг Ази тивийн хамтын зүтгэл удахгүй нийлүүлэлтээсээ давж гарах төлөвтэй дахивар хуванцрын эрэлт ихсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болов. Одоогоор үйлдвэрлэгчдэд тулгараад буй гол сорилт нь дахивар хуванцрыг үнэ, чанарын хувьд өрсөлдөхүйц болгох явдал. Нефтиэс гаргаж авдаг анхдагч хуванцрын үнэ дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэтэй нягт уялдаатай. Харин дахивар хуванцрын үнэ харьцангуй тогтвортой байдаг. Уг нөхцөлөөс шалтгаалан дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурах үед дахивар хуванцар үнэтэй болж хувирдаг. Төрөл бүрийн хуванцрыг ангилан ялгах, хуванцар хаягдлыг дэлхийн бөмбөрцгийн нэг хагасаас нөгөө хагас хүртэл зөөвөрлөж нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг өсгөхийн оронд байрлал дээр нь боловсруулах нь бас нэг сорилт болж байна. Бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол байгаль орчинд хог болж хаягдах замаар жилдээ 80-120 тэрбум ам.долларын өртөг алга болдгийг Дэлхийн Банкны харьяа Олон Улсын Санхүүгийн Корпорацын захирал Навнит Чадха анхааруулав. Бид цаашид хуванцрыг хог биш, нөөц гэж үзэж сурах хэрэгтэй. Хуванцар хаягдлыг эргүүлж цуглуулан, ангилан ялгаж, угааж цэвэрлээд, хайлуулж түүхий эд болгох ажиллагааг механик аргаар дахиварт ашиглах процесс гэдэг. Гэтэл хаягдал болж буй хуванцрын ихээхэн хэсэг хүнс, химийн бодисын бохирдолтой байдаг тул чанартай түүхий эд материал үүсгэхэд зардал өндөр болдог. "Дахивар хуванцрын чанарын асуудал бас нэг бэрхшээл” хэмээн дахивар боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэг компанийн нэг – SUEZ Group-ийн гүйцэтгэх захирал Жан-Марк Бурсье анхааруулав. Danone, Pepsi, Coca-Cola зэрэг хүнсний тэргүүлэх үйлдвэрлэгчид анхдагч хуванцрын чанарын түвшинд хүрээгүй дахиврыг худалдаж авдаггүй. Дэлхий даяар есөн үйлдвэртэй SUEZ нь жилдээ 500 мянган тонн хуванцар хог хаягдал боловсруулж шампунийн сав, автомашины доторлогоо зэрэг бүтээгдэхүүнд ашигладаг 150 мянган тонн полимер гаргадаг юм. Тус компани Ази дахь анхны үйлдвэрээ энэ жил Тайландад ашиглалтад оруулжээ.