Дэлхий даяар өнгөрсөн баасан гаригт нэг сая 13 мянган хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, 51 мянган нас баралт бүртгэгдээд байсан. Харин энэ тоо хоёр хоногийн дараа буюу өнөөдөр өглөө дахин өсөж нэг сая 273 мянга 794 хүн CoViD-19 халдвар авч, 69 мянга 419 хүн нас бараад байна.
Вирусийн дэгдэлт эхэлснээс хойш нийтдээ 260 мянга 193 өвчтөн эдгэрчээ.
Вирус голомтлон тархаж байгаа АНУ-д өнөөдрийн байдлаар 337,274 хүн халдвар авч, 9633 хүн нас барж, 17,449 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Үүнээс хамгийн олон тохиолдол Нью-Йорк хотод бүртгэгдээд байгаа бөгөөд 67,551 хүн халдвар авч, 2256 хүн нас баран бүрэн эдгэсэн хүн одоогоор байхгүй байна.
Испанид коронавируст тахлын улмаас нас барсан хүний тоо 12,641-д хүрсэн байна. Тус улсад дэгдэлт эхэлснээс хойш нэг өдрийн дотор нас барсан хүний тоо хамгийн өндөр байгаа. Өөрөөр хэлбэл онош батлагдсан 131,646 тохиолдлын 11 хувь нь нас баралт болоод байна. Испани улсад шинэ халдварын тоо өчигдөр 7200-гаар нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 11-нд дуусах ёстой байсан онц байдлыг үргэлжлүүлэн сунгах болсон. Халдварын тохиолдол буурахгүй байгаа Итали улсын Ламбарди мужид иргэд гэрээсээ гарахдаа заавал амны хаалт зүүх эсвэл ам, хамраа битүүлсэн ороолт алчуур зүүхийг үүрэгжүүлсэн байна.
Мөн Италид 128,948 хүн халдвар авснаас 15,887 хүн нас барж, 21,815 хүн эдгэрчээ.
Хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудыг АНУ, Итали, Испани, ХБНГУ, Франц улсууд тэргүүлж байна.
Япон улсад шинээр 118 хүний халдвар бүртгэгдсэн бөгөөд иргэд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа нь санаа зовоож байгааг мэдээлсэн. БНХАУ-д шинж тэмдэгдэггүй нийт 1,024 тохиолдлыг бүртгэсний 47 нь сүүлийн хугацаанд бүртгэж эмнэлгийн хяналтад авсан байн
Дэлхий дахинд бүртгэгдээд буй сая гаруй тохиолдлын 40 хувь нь хаанаас халдвар авсныг тогтоож чадаагүй байна. Тиймээс гарын ариун цэврийг үргэлжлүүлэн сахих хэрэгтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байгаа юм.