Шинэ Москвагийн Воронвово сууринд байгуулсан халдвартын эмнэлэгт коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ гэж ОХУ-ын нийслэл хотын даргын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэх уг эмнэлгийг Москва хотын дарга Сергей Собянин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамт нээсэн байна. Оросын Ерөнхийлөгч нээх ажиллагаанд дүрс бичлэгээр холбогдож оролцжээ.
Нэг сарын дотор барьсан халдвартын эмнэлэг нь 800 ортой бөгөөд зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 900 болгож нэмэгдүүлэх боломжтой байна. Эмнэлгийн төвийн нийт талбай 80 мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд 40 га талбайд нь нэг давхар 50 орчим байгууламж, мөн хоёр, гурван давхар дотуур байрууд барьжээ. Шинэ эмнэлэгт эмч, сувилагч, асрагч зэрэг мянга гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллах аж. Өнөөдрийн байдлаар 500 гаруй ажилтан ажилдаа ороод байгаа бөгөөд нэг өдрийн дотор 20 өвчтөн хүлээж авсан байна.