Буриадад коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 54 болж нэмэгдсэн тухай Бүгд Найрамдах Буриад улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлснээс хойш амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн 203 өвчтөн, коронавирусний халдвар авсан 49 өвчтөн эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнээс "COVID-19”-өөр халдварласан 11 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа бол эрчимт эмчилгээний тасагт 6 хүн хэвтэж байгаа аж.
Тус улсад халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан 2188 хүнээс шинжилгээ авсан бөгөөд 8 хүнээс халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байна.Буриадад коронавирусний халдвар авсны улмаас нас барсан 1 тохиолдол бүртгэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.