Өчигдөр Монголбанкнаас ээлжит мэдээллээ хийх үеэр иргэдэд нэгэн таатай мэдээллийг хүргэсэн юм. Тодруулбал, Засгийн газраас хэрэглээний болон ипотекийн зээлийг зургаан сараар хойшлуулж буйг мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн даваа гарагаас эхэлж банкууд зээлтэй иргэд рүү утас цохиж зээлээ хойшлуулах хүсэлтэй байгаа эсэхийг нь тодруулж байсан юм.
Тэгвэл энэ асуудлаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ийнхүү ярьсан юм..
Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ тавдугаар сарын 1-нээс өмнө гаргаагүй зээлдэгчдэд найман хувийн хүүнээс хоёр хувийг нь буцаан олгохоор болсон. Энэ шийдвэрийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бид Сангийн яамтай ярилцана. Орон сууцны зээлтэй 72 мянган зээлдэгч байгаа. 72 мянган зээлдэгчийн хэд нь төлбөрөө хойшлуулах хүсэлтээ ирүүлэх нь үү. Түүнээс шалтгаалаад хэдэн зээлдэгчийн хоёр хувийн хүүгийн татаасыг олгох вэ гэдгийг шийднэ" хэмээсэн юм..