Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургаадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргасан юм. Улмаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгуулийг зохион явуулах гэж байгаатай холбогдуулан СЕХ-той хамтран УОК-оос ажлын хэсэг томилж "Түр журам"-ын төсөл боловсруулжээ. УИХ-ын 2020 оны сонгууль сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг найман зүйл 50 заалттайгаар боловсруулсан байна. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм, хугацаа зэргийг тусгасан байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзжээ.