Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.
Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа.
ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.
Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.