Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа оролцож, ДЭМБ-ын мэдээллийг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс, оронд COVID-19 халдварын нийт 7.7 сая тохиолдол бүртгэгдэж, 427 мянган хүн уг өвчний улмаас нас баржээ. Дөрөвдүгээр сарын дундуур Европын бүсэд шинэ тохиолдлын тоо буурсан хэдий ч Африк, Ойрх Дорнод, Америк, Зүүн Өмнөд Азийн бүсэд халдвар нэмэгдсээр байна.
О.Ариунтуяа "Сүүлийн хоёр долоо хоногт дэлхийн ихэнх улсад өдөрт 100 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний 75 хувь орчим нь Америк, Өмнөд Азийн 10 улсад гарсан байна. Манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсэд нийт 200 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 7,000 гаруй хүн энджээ.
SARS, MERS, COVID-19 халдварын талаар 172 судалгаанд хийсэн дүн шинжилгээнд хүмүүс хоорондоо нэг метрийн зай барих нь хүн амын дунд халдвар тархах эрсдлийг 82 хувиар бууруулсан байна. Энэ нь хүмүүс хоорондоо хоёр метрээс дээш зай барих нь илүү үр дүнтэй болохыг харуулжээ. Түүнчлэн амны хаалт зүүх нь халдвар авах эрсдлийг 85 хувиар багасгасан гэсэн дүн гарчээ.
БНХАУ-ын Бээжин хотод зургаадугаар сарын 11-13-нд Шинфади хүнсний захтай холбоотой 45 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шинж тэмдэг нь зургаадугаар сарын 4-нөөс илэрч эхэлжээ. Дээрх тохиолдлуудын 24 нь зах дээр ажилладаг хүн бол дөрөв нь хүнсний байцаагч байжээ. Одоогоор WeChat pay, Alipay зэрэг аппликэйшн ашиглан захаар үйлчлүүлсэн хүмүүсийг тогтоож, судалгааг үргэлжлүүлж байна. Мөн Шинфади захын ойролцоо оршин суудаг 46 мянган хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Шинээр илэрсэн халдварын улмаас тус улс хязгаарлах арга хэмжээг эргэн чангатгаж, ойр орчмын сургуулийг хааж, спорт, фитнесс, ресторан зэрэг газруудад зай барих журмыг мөрдөж эхэлжээ.
ДЭМБ-ын улс, орнуудын хариу арга хэмжээний талаар "COVID-19 халдварын дэгдэлт эхэлсэн цагаас ДЭМБ улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж буй.Тодруулбал, ДЭМБ-ын санаачилгаар COVID-19 түншлэлийн платформ буюу улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай төсөв нөөцийг онлайн хэрэгсэл ашиглан донор хамтрагч талууд хөрөнгө оруулж байгаа.
Одоогоор 105 улс хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө оруулсан бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхээр 56 донор 3.9 тэрбум долларын хөрөнгө оруулсан байна.Харин манай бүсийн 12 улс, хариу арга хэмжээний төлөвлөгөөг оруулснаас гурван орны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэжээ" гэсэн мэдээлэл өгөв.