БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Бээжин хотноо уулзахдаа, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чиглэсэн хөгжлийн шинэ бодлогыг нь нааштайгаар үнэлээд, сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яам хоёр орны удирдагчдын уулзалтын дараа мэдээлсэн байна.
Тус яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, "Солонгосын Хөдөлмөрийн намын хэрэгжүүлж буй хөгжлийн шинэ стратеги нь эерэг үр дүнгээ хэдийнээ өгсөн бөгөөд Умард Солонгосын ард түмний болон Солонгосын Хөдөлмөрийн намын хөгжил дэвшлийн төлөөх шийдэмгий эрмэлзлийг харуулсан. Шинэ бодлогыг Умард Солонгосын ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж байгаа бол дэлхийн хамтын нийгэмлэг эерэг үнэлгээ өгсөн” гэж Си Жиньпин хэлжээ.
Хөгжлийн шинэ бодлогыг тууштай хэрэгжүүлэх замд Хятад улс БНАСАУ-ыг шийдэмгий дэмжинэ гэж тэрбээр онцлон дурдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг